АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КОНГРЕССОД

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КОНГРЕССОД

ИЛ ЗАХИДАЛ

Эрхэм Конгрессын гишүүдийн түмэн амгаланг айлтгая.

Өмнөд Монголын Их Хуралдайн (ӨМИХ) журмын нөхөд бид та бүхний баталсан Хонконгийн ардчилал, хүний эрхийн тухай хууль, Хятад дахи уйгуруудыг хамгаалах тухай хууль, мөн АНУ-ын Сенатын Уйгурын актыг туйлын их талархан дэмжиж, сэтгэл хөдлөн хүлээж авлаа. Энэ нь Хятадын фашизм, колоничлолд эрс шийдэмгий цохилт болж, даян дэлхийд аюул учруулж буй Бээжингийн жанжлан ноёлох, түрэмгийлэн тэлэх үзлийн эсрэг шударга хүн төрөлхтөн эв санаагаа нэгтгэн,  мөр зэрэгцэн, хүч нийлүүлэн тэмцэх ялахын уриа боллоо.

ӨМИХ бол БНХАУ дахи уугуул монголчуудын эрх ашгийг хамгаалах зорилготойгоор 2016 онд өмнөд монголчуудын янз бүрийн нам холбоод эвлэлдэн нэгдэж, Токиод үүсгэн байгуулсан ТББ билээ.

Өмнөд Монгол буюу БНХАУ дахи уугуул монголчууд нь тус улсын хамгийн их колоничлогдож зовсон цөөнхи ард түмнүүдийн нэг мөн. 

Монголчууд бидний өвөг дээдэс хэзээ ч Хятад улсын харьяанд байгаагүй байсаар, улмаар 1911.12.29-нд онд ар өвөр монгол эх орончид Монгол улсын тусгаар тогтнолыг тунхаглан зарласан. 1912 онд Манж Чин улсаас тусгаарласан ДИУ монголчуудын байгуулсан Юань гүрэн, манжууд болон монголчууд хамтран байгуулсан Чин гүрний түүхийг гуйвуулан, монголчуудын нутаг дэвсгэр өөрсдийнх нь мэдлийнх байх ёстой мэтээр мэдэгдэж, улмаар Өвөр Монголыг цэргийн хүчээр түрэмгийлэн эзэлсэн. 

Дэлхийн 2-р дайны дараа өвөр монголчууд БНМАУ-тай нэгдэх хүсэл эрмэлзэлтэй байсан ч бүтээгүй. 1949 онд байгуулагдсан БНХАУ тэгш бүрэн эрхт холбооны улс байгуулна гэж хууран мэхэлж, Өвөр Монголыг харьяандаа оруулсан. Үүний дараа өвөр монголчуудыг дайн дажинд дайчилж, бэлчээр нутгийг шинэчлэнэ, баруунтантай тэмцнэ, феодалтай тэмцнэ, шашинтай тэмцнэ, засварлах үзэлтэй тэмцнэ гэхчилэн дахин дахин харгислан хэлмэгдүүлсэн. 

1966 онд Өвөр Монголд Соёлын хувьсгалын зэрэгцээ, “Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн” нэртэй монгол үндэстний эсрэг харгислан хэлмэгдүүлэлт гаарч, уугуул монголчуудыг болон, соёл иргэншил, аж ахуйг нь аймшигтайгаар устгах бодлоготой кампанит ажил зохион байгуулагдсан болно. БНХАУ-ын төрөөс 27 900 өмнөд монгол хүн тэрхүү хоморголон хядах үеэр алагдсан гэж мэдээлдэг. Гэхдээ баривчлагдсан монгол хүн 500 000, эд дундаас харгислалын үеэр болон, үр дагавраас нь шууд шалтгаалан маш олноороо амиа алдсан, баривчлагдаагүй хүмүүсийн дунд ч амь эрсдэгсэд олон, 100 мянга давна гэх судлаачид бий. Энэхүү Өмнөд Монголын эсрэг геноцид гэмт хэргийг ӨМИХ ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх санаачилга гарган ажиллаж байна.

Өмнөд монголчуудыг дарлах уусгах нь үргэлжилсээр өнгөрсөн зууны 80-аад он болов. Өвөр Монголд олон хятад иргэнийг шилжүүлэн суурьшуулах засгийн газрын шийдвэр гарахад дургүйцсэн өвөр монгол залуус 1981 онд Сурагчийн хөдөлгөөн гарган тэмцлээ. Үр дүнд нь тэрхүү шийдвэрийг цуцалсан ч, улс төрийн хэлмэгдүүлэлт өрнүүлэв.

Түүнээс хойш улс төрийн хувьд харгис хатуу бодлого явуулан хэлмэгдүүлэхийн сацуу, колоничлох бодлогоо тууштай үргэлжлүүлсээр, хятад иргэдийг олноор суурьшуулсаар, хэт цэрэг армижуулсаар, ашигт малтмал, байгалийн баялгийг цөлмөн дээрэмдсээр, монгол хэл соёлыг ялгаварлан гадуурхах, монголчуудыг уусгах үйл ажиллагаа явуулсаар ирлээ.

Энэ бүхэн нь монголчуудын эсэргүүцэл тэмцлийг төрүүлсээр ирсэн. 1992 онд монгол номын дэлгүүр ажиллуулдаг Хадаа Өвөр Монголын ардчилсан холбоо байгуулж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулснаар 15 жилийн ял авч чанга нөхцөлд, 4 жил ялгүйгээр нууц шоронд хоригдож, түүнээс хойш гэрийн хорионд байна. 

2011 онд малчин тэмцэгч Мэргэн бэлчээр нутаг сүйтгэдэг уул уурхайн тээврийг эсэргүүцсэнээс болж зэрлэгээр алагдсан. Тэгэхэд Өвөр Монголын цөөнгүй хот, хилийн чанадад ч олон жагсаал цуглаан болж, эсэргүүцэл илэрхийлж байсны дүнд Хятадын төр гэмтнүүдийг олж шийтгэсэн, гэхдээ Өвөр Монголд онц байдал тогтоож, харгислал өрнүүлсэн.

Малчдын бэлчээр нутгийг олон шалтаг шалтгаанаар төрөөс булааж авч, хүчээр нүүлгэдэг, нөхөн олговор олгодоггүй, хувийн секторын хятад үндэстэн этгээдүүд дур зоргоороо булааж хөөдөг, үр дүнд нь малчид амьжиргаагүй, ажил амьдралгүй болдог нь маш хавтгайрсан үзэгдэл боллоо. Тэмцэж эсэргүүцсэн хүнийг яллаж хорих, шоронд зодуур, хүнд нөхцлөөр үхүүлэх, эрэмдэг зэрэмдэг, хүнд өвчтэй болгох, баривчлах, гэрийн хорионд оруулах, ажилд орох боломжгүй болгох, гэр бүл, ойр дотныхныг нь дарамтлах, хулгайлан сураггүй болгох, мөрдөж мөшгих гээд зүйл бүрээр хэлмэгдүүлдэг. 

2017 оны эцсээр Ар Хорчинд болох байсан малчдын том цуглааныг цагдаагийн их хүчийг дайчилж таслан зогсоосон,  Жарууд хошууны шүүх нэгэн хуралдаанаар тэмцэгч 35 малчинд ял оноосон, Шинжаан-Уйгурын ӨЗО-ы Баянголын монгол ӨЗТойрогт монгол хэл заахыг хорьсон гэсэн гурван цочирдом харгис явдал болсон. Энэ нь өмнөд монголчуудын шударга эсэргүүцэл, зүй ёсны эрх ашгийг үг дуугүй нухчин дарах шинэ үе шатыг эхлүүлсэн юм.

Түүнээс хойш урьдынх шиг жагсаж цуглаж болохгүй болж, ил олон нийтийн эсэргүүцэл бараг гарсангүй. Манлайлагч малчин тэмцэгч Янжиндуламыг гэрийн хорионд оруулсан. Үг хэлэх ганц индэр болж үлдсэн сүлжээ холбоог ч хатуу хянаж, хэлэх ярихыг хязгаарлаж хорьж, шийтгэл нь нэмэгдсэн.

Өмнөд монголчуудын хувьд БНХАУ, ХКН Хүний эрхийн түгээмэл тунхаглалын бүх зүйлийг туйлын ихээр зөрчиж ирлээ. 

Өмнөд Монголд болон, БНХАУ-ын хилийн гадна өмнөд монголчууд, тэднийг дэмжигч бусад улс үндэстний идэвхтнүүд, анд нөхөд цөөнхи үндэстний эсрэг хэрэгжүүлж ирсэн Хятадын геноцид, колоничлогч, шовинист, расист, дискриминаци харгис бодлогыг эсэргүүцэн тэмцэж ирсэн ч нөхцөл байдал сайн зүг рүү өөрчлөгдсөнгүй, харин ч улам дордох хэтийн төлөвтэй байна.

Учир иймд, өнөөдөр даян дэлхийд шударга ёсны дуу хоолой, хамгаалагч болж байгаа АНУ-ын Конгрессийн гишүүн эрхэм нөхөд та бүхэн Хонконг, Уйгурын ард түмнийг хамгаалсан хууль гаргасан шигээ, Өмнөд Монголын уугуул хүн ардын түмэн зовлон гачланг ойлгон үзэж, мөн адил өмнөд монголчуудыг хамгаалсан хууль гаргаж өгөөч, өмнөд монголчуудын төдийгүй хүн төрөлхтний эсрэг БНХАУ-ын гэмт хэргийг таслан зогсоож өгөөч гэж бид бүхэн чин сэтгэлээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Энэ чиглэлээр лобби бүлэг үүсгэж өгөөч гэж хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхэнтэй өмнөд монголчуудын эрх чөлөө, эрх ашгийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

Хүндэтгэн ёсолсон 

Өмнөд Монголын Их Хуралдайн 

тэргүүн Тэмцэлт Шовцууд

ЕНБД Дайчин Олхунууд

Токио

2019. 12. 6.

Өвөр Монгол